Улаан үст

Nomin Erdenetsogt
1 min readDec 19, 2021

--

Тэр улаан уруул, улаан үстэй гэхдээ ягаан өнгийн торон хормойтой. Түүнийг хараад нэг хөмсөг дээшилж, хоёр харц уруудана. Түүнд хүн бүхэн хүрэхийг, хажууд нь байхыг хүсдэг ч халдашгүй, дархан цаазат үзэсгэлэн гоо амьтан харсан мэт дэмий л ичингүйрэн холоос ажиглаж зогсоно. Тэр доторх сүнсээ сонсоод ойлгож чаддаг болохоор өнөөдөр ягаан хормойтой харин маргааш нь хормойгүй ч явж чадна. Бас тэр өөрийгөө дархан цаазат амьтан гэдгээ мэддэг, бүлээн зүрхнийхээ ганцаардалд тайтгаран орчдог. Би түүнд хайртай. Нэг дэлхийнх гэдэгтээ хайртай.

Гэхдээ заримдаа миний дотор түүнийг хараад өөрийгөө ч гэсэн гаргаж ирэхийг хүсдэг. Хязгааргүй уужим огторгуйд нэгэн бөмбөлгийн өрөвдөлтэй шоргоолж болж төрчихөөд дотроо хэн нэгнийг орилуулан байгаа өөртөө дургүй хүрч байна. Дотор минь өдөржин, шөнөжин бүждэг эрх чөлөөт тэр сүнс улаан үс, ягаан торон хормойгүй ч хэлэхэд бэрх эгэлгүй төрхтэйгээ торныхоо цаанаас гунигтайяа гялалздаг. Тэгэлгүй яах вэ, шөнө орондоо ороод хэвтэхэд, өглөө хичээлдээ явахаар бэлдэхэд тасралтгүй мэдрэгддэг чимчигнээн…үргэлж дотор хөвөрч байдаг шүлэгс. Цаас хүртэл гадаргуу дээрээ тогтоож дийлэхгүй, хөвөрч л байх зөвхөн миний ойлгох шүлэгс. Махан биений минь доор өрнөж байна уу магадгүй таван хэмжээст ертөнцөөс надад мэдрэгддэг зүйлс үү мэдэхгүй, гэхдээ ийм болохоор л миний нүд хоосон харагдаж, хүмүүсийн зогсолтгүй яриа тухгүй мэдрэгддэг байх. Шүлэг хөвөрсөөр дуусч магадгүй, торны цаана бүжсээр цуцаж магадгүй. Юутай ч тэрнийг би гаргаж авна аа.

--

--

Responses (1)